ХӨВСГӨЛ НУУРАНД ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Ар хилт ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т/ Хөвсгөл нууранд 00-37 ХӨА улсын дугаартай, Уаз 451 загварын автомашин 3 цаа буга, Цагаан-нуур сумын Хармай  багийн 3 иргэн осолдсон тухай дуудлагыг 2019.03.09-ний өдрийн 14:56 цагт иргэн Б мэдэгдсэн. Уг дуудлагаар  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 алба хаагч ослын газар очиж эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлж аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис, аврагч-усчин ахлах ахлагч Б.Гантулга, аврагч-усчин ахлах ахлагч Б.Ганбаатар, аврагч-тэсэлгээчин ахлагч Н.Батсайхан нар 5 удаагийн шумбалтаар  25-29 м-ийн гүнээс аврах ажиллагаа явуулж 2 цаа буга болон 3 иргэний цогцосыг гаргаж ар гэрийнхэн болон Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын аврагч-усчин ахлах ахлагч Б.Ганбаатар шумбалт хийн осолдсон автомашиныг троссоор холбож 00-37 ХӨА улсын дугаартай, Уаз 451 загварын автомашиныг татаж гаргалаа.

Цаг уурын байдлаас шалтгаалан Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар Хөвсгөл нуур болон бусад гол мөрний мөсөөр зорчихыг таслан зогсоож, 03 дугаар сарын 10-наас 04 дүгээр сарын 10-ныг дуустал Хөвсгөл нууранд мэргэжлийн байгууллагаас ажлын хэсэг томилон пост ажиллуулахаар боллоо. Иймд ард иргэд зам товчилон гол мөрнөөр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.